ХАРИЛЦАА БА ОЙЛГОЛТ

Uuganbayar Ugtaabayar
6 min readAug 3, 2020

--

/ blog #3 /

Нэгэн дээвэр дор бүх насны төлөөлөлүүд хамт амьдарч байгаа өрх гэр бүлүүд багагүй байгаа.

Тухайлбал нялх нярай, бага балчир насны хүүхэд болон өсвөр насны хүүхэд залуус, дундаж насны залуу хос, ах эгч дүүс, ахимаг насны эцэг эх болон настан буурай эмээ өвөө гэх мэт.

Бүх насныхан нэгэн дээвэр дор

Үүнийг сүүлийн үед он оноор нь ялгаж үеүүдийн нэршил хүртэл өгсөн байдаг.

Gen Z / 1996–2010 / үе болон Millenial / 1981–1995 / үе, Gen X / 1965–1980 / үе, мөн Baby boomers / 1946–1964 / үе гэх мэт.

Эдгээр үеийн хүмүүс бүгд л нийгэм цаг үе, технологи хөгжлийн өөр өөр цаг хугацаанд амьдарч ирсэн. Z үеэс бусад нь 2–3 өөр нийгмийг үзсэн байдаг. Дайны дараах үеэс эхлээд социалист дэглэмийн болон ардчилсан шинэ зах зээлийн хувьсгалт нийгмүүдийг үзсэн байдаг. Үүнээсээ ч их хашир сууж туршлагажсан хүмүүс байх.

Харин Z үеийн хувьд бол тэс өөр технологийн эрин үед амьдарч байгаа.

Энэ утгаараа бүх л үеийн хүмүүсийн сэтгэлгээ хандлага ихээхэн өөр байдаг.

Харин одоо гол сэдэв рүүгээ оръё.

Ийм өөр өөр сэтгэлгээ, туршлага хуримтлуулсан учир сэтгэлгээний болон харилцааны үл ойлголцол багагүй байдаг ба энэ нь өрх гэр бүл болон нийгмийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж их бага хэмжээний үл ойлголцол, зөрчил үүсч байдаг.

Үл ойлголцолыг шийдвэрлэж болно

Энэ нь амьдралд байдаг л зүйл боловч бас ч огт шийдвэрлэж болохооргүй асуудал биш болж байна.

Учир нь сүүлийн үед гадаад болон дотоодын эксперт шинжээч, зөвлөх менторууд нухацтай авч үзэн учир шалтгааныг олж тайлж нийгэмд дуу хоолойгоо өргөж түлхүүр тайлалыг өгч зөвлөж эхэлсэн билээ.

Үүний учир шалтгаан юу вэ? гэхээр аливаа нэг зүйлийн ойлголтын талаар хүн бүхэн харилцан адилгүй өөр өөр ойлголттой байдгаас үүдэж ойлголтын зөрүү үүсдэг нь хүмүүс хоорондын харилцаанд шууд нөлөөлдөг тухай юм.

Өөр өнцгүүдийн ойлголтын зөрүү

Тэгэхээр бид ХАРИЛЦАА болон ОЙЛГОЛТ гэж чухамдаа яг юу юм бэ? гэдгээ дахин нэг сайтар бодож үзэхэд илүүдэхгүй юм. Учир нь бид аливаа нэгэн зүйлийн нэршил үгийг сонсоод мэддэг мэт санагдавч яг чухам юу вэ гэдэгт төдийлөн оновчтой үнэн зөв утга дүүрэн хариултыг өгч төдийлөн чаддаггүй.

Тиймээс ч үзэл бодлоо илэрхийлж байгаа хүн ч тэр, сонсож хүлээн авч буй харилцагч ч тэр өөрсдийн өөр өөр өнцгөөс харж дундын нэгдсэн ойлголтонд хүрч чадах нь ховор байдаг байна. Энэ нь маш өнгөц харилцааг үүсгэдэг гэж ойлгож болох юм.

Тэгвэл ХАРИЛЦАА гэж яг юу юм бэ?

ХАРИЛЦАА гэдэг нь хүний оюун ухаанд бий болсон бодол санааг бусдад дамжуулан илэрхийлж, мөн бусдын дамжуулан илэрхийлж буй бодол санааг сонсож харилцан ойлголцох болон бие сэтгэлийн хэлэмж илэрхийлэлийг харилцан мэдэрч ойлголцох процесс юм.

Мэдээж гарал үүслийн хувьд Харилцаа гэдэг нь латин гаралтай communicare буюу хуваалцах, дамжуулах, хамтрах гэсэн утгыг илэрхийлдэг.

Харилцаа нь хувийн болон албан харилцаагаар зааглагдах ба аман, биеийн, сэтгэлийн гэх мэт хэлбэрүүдээр илэрхийлэгддэг. Хувийн харилцааны хэлбэр ихэнхдээ мэдээж гүн гүнзгий дотно агууламжтай байдаг ба бие сэтгэлийн, аман гэх нарийн нандин мэдрэмжийг агуулдагаас гадна нийгмээр дамжин бусад харилцаанд оролцож байдаг. Харин албан харилцааны хэлбэр агууламжууд нь олон төрөл хэлбэрт хуваагдах ба нийгмийн, гадаад дотоод, ажлын, бизнесийн гэх мэт ангилагдана.

Сонирхолтой баримт дурдахад #Yuval Noah Harari -н бичсэн “ #SAPIENS ” номонд / олон улсын бэстселлэр / хүн төрөлхтөн / sapiens / тэртээх 70–100 мянган жилийн өмнө өөрсдийн хэл яриа харилцааны давуу байдлаас үүдэж устаж үгүй бололгүй үлдсэн амьтан гэж бичсэн байдаг.

“ SAPIENS “ Yuval Noah Harari

Эх сурвалж: https://soundcloud.com/seheeten/taivantaihamt33

Хүний амьдралд үндсэн суурь 3 хэрэглээ байдаг. Энэ нь идэж уух, өмсөж зүүх, толгой хорогдох оромж гэх мэт.

Харин энэ 3 суурь хэрэглээний араас дөрөвдөгч болж болох хэрэглээг ХАРИЛЦАА гэж тодорхойлж болох юм. Учир нь харилцаа нь хүний амьдралд маш чухал үүргийг гүйцэтгэж, хүний уналт босолт бүхий л зүйлд гүн гүнзгий нөлөөлж байдаг анзаарагдамгүй боловч ихэд ач холбогдол өгөх шаардлагатай ойлголт болоод байна.

Нөгөөтэйгүүр ХАРИЛЦАА гэдэг нь 1-г 2 болгох, 2-г 4 болгох, 4-г 40, 100, 1000….. гээд хэд ч болгож болох болон 100-г 30 болгох, 20-г 10 болгох, 2-г 1 болгож болохуйц асар хүчтэй нэгдлийн болон задралын ХӨШҮҮРЭГ болдог байна.

Мөн харилцаа нь шууд харилцаанаас гадна шууд бусаар орчин цагийн техник технолгогийг ашиглан харилцах боломж хязгааргүй болж байгаа нь бас нэгэн томоохон ХӨШҮҮРЭГ болж байна.

НЭГДЛИЙН ХӨШҮҮРЭГ

Тэгвэл хүний амьдралын уналт босолтын мөчүүдэд ихээхэн нөлөөлж байдаг харилцааны чанар нь хүн тус бүрийн аливаа зүйлийн ойлголтын хэм хэмжээнээс шууд хамаарч байдаг байна. Аливаа нэг зүйлийн ойлголтын хэм хэмжээ харилцан адилгүй нөхцөлд 2 болон түүнээс дээш хүмүүсийн харилцаа нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүйгээс үр дүн гардаггүй байна.

Энэ нь юутай холбоотой вэ гэвэл хүний БОДОХ процесстэй шууд холбоотой байдаг. Тэгэхээр БОДОХ гэдэг нь бас чухамдаа яг юу вэ? гэдгээ сайтар ойлгох нь маш чухал болоод байна.

Tussolution LLC office interior

Системийн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний #Tussolution LLC-с БОДОХ гэдгийг “ Хүн гаднаас мэдрэхүйн эрхтэн системээрээ дамжуулаад төрөл бүрийн өгөгдлүүдийг цуглуулаад тэдний харилцан хамаарал холбоосыг ангилж боловсруулаад мэдээлэл болгож хувиргана. Хувиргасан мэдээлэлүүдээ дахин боловсруулж түүнийг мэдлэг болгож хувиргана. Ингээд аливаа шийдвэр гаргах процесст хуримтлуулсан мэдлэгээ ашиглахыг БОДОХ гэнэ “ гэж тодорхойлсон байдаг.

Үүнээс дүгнэвэл дутуу боловсорсон мэдлэг мэдээлэл нь өнгөц ойлголтыг бий болгож болох тухай харагдаж байна.

Тэгэхээр одоо ОЙЛГОЛТ гэдэг нь аливаа зүйлийн өгөгдлийг ангилан боловсруулж мэдлэг болгох чадамж болон солилцсон мэдээлэлийн нэгдсэн үнэн зөв агуулгыг хэлж болно.

Харилцаагаар ойлголтыг нэгтгэх нь

Харин одоо ХАРИЛЦАА ОЙЛГОЛТ 2-н шууд хамаарлыг авч үзвэл 2 болон түүнээс дээш хүмүүсийн ойлголтын яв цав нэгдсэн байдал нь харилцаанд эерэг үр дүнг үзүүлдэг ба ойлголтын зөрүү болон өнгөц ойлголт нь харилцаанд сөрөг үр дүнг үзүүлдэг байна.

Ойлголтын нэгтгэлтэй харилцаа

Дээрх бол логик ойлголт юм.

Гэвч харилцаанд ЛОГИК ойлголтоос гадна СЭТГЭЛ ХӨДЛӨЛ маш нөлөөлдөг байна.

Судалгаанаас үзэхэд хүний шийдвэр гаргалт нь 2% Логик, 98% сэтгэл хөдлөлийн үндэстэй байдаг. Энэ нь харилцаанд шууд утгаараа нөлөөлнө гэж ойлгож болно. Тиймээс ч хэт сэтгэл хөдлөлөөс үүдэж хэн нэгэнд хууртагдах, эсвэл уур бухимдлаас үүдэж хэн нэгнийг гомдоох тохиолдолууд маш ихээр гардаг. Мөн логик үндэслэлгүй сэтгэл хөдлөлөөр дутуу бодож боловсруулснаас үүдэж хэн нэгнийг буруу ойлгож гүтгэж гүжирдэх болон мэхлүүлэх гэх мэт янз бүрийн нөхцөл байдлууд үүсдэг.

Emotional буюу сэтгэл хөдлөл

Ингээд дээр эхэлсэн цэгтээ очиж эргэн нэг харъя.

Бүх хүмүүс нас хүйс хамаарахгүйгээр амьдралд ямагт ямар нэг харилцаанд орж байдаг.

Нялх нярай балчир хүүхдүүд гэр бүлдээ сэтгэл зүрх, биеийн хэлэмжийг ашиглан харилцааг бий болгодог. Түүний дараагаар хэлд орж нийгмийн харилцаанд бэлэн болдог. Түүнээс хойш бүгд л хувийн болон албан, албан бус нийгмийн харилцаанд төрөл бүрийн хэлбэрээр оролцож байдаг. Энэ нь хүн бүрийн хувьд маш чухал үйлдэл. Дандаа л ямар нэг зорилготой, аливаа асуудлыг амжилттайгаар шийдэхийг хүсэж эрмэлзсэн харилцаануудыг бий болгож байдаг. Харин харилцааны үр дүн нь янз бүр байна. Зарим нь хүссэн үр дүндээ хүрдэг, харин зарим нь хүссэнээсээ тэс өөр үр дүнг хүлээж авах жишээтэй.

Гэтэл эдгээр үр дүнгүүд дээрх ойлголтуудтай нягт холбоотойг төдийлөн нухацтай бодож ач холбогдол өгдөг болон өгдөггүйтэй холбоотойг тэр бүр мэддэггүй.

Энэ л бид бүхний мэддэг юм шиг боловч мэддэггүй ойлголтын талаар гадаад болон дотоодын эксперт шинжээч, зөвлөх менторууд зөвлөсөөр байна.

Ингээд блог уншигч та бүхэн маань дор бүрнээ өөрөө өөрсдөдөө тохиолдсон болон байнга тохиолддог гэр бүл, ажил бизнес, нийгмийн харилцаатай холбоотой жишээн дээрээ сайтар бодож шинжилж үзээрэй. Мөн ойлголтын зөрүү үүссэн зүйлсээ дахин нэг дэлгэрэнгүй ярилцаж ойлголтоо нэгтгээрэй.

Та хайртай хань, эцэг эх, үр хүүхдүүд, ах дүү хамаатан садан, найз нөхөд, ажил бизнесийн хамтрагч, эсвэл танихгүй хэн нэгэнтэй амжилттай харилцааг үүсгэж эерэг үр дүнг бий болгож чаддаг уу?

Та хэн нэгнийг сайн сонсож, хүлээн зөвшөөрч, ойлгож, эелдэг зөвөлгөөг өгч чаддаг уу? Та дахин сайн бодоод үзээрэй.

Амжилт хүсье…

--

--

Uuganbayar Ugtaabayar
Uuganbayar Ugtaabayar

Written by Uuganbayar Ugtaabayar

0 Followers

Entrepreneur, Life coach, Business mentor, MLM business owner

No responses yet